“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрэнд “Гэрийнхээ
гаднаас алга болсон хүү зургаан жил айлын мал хариулж байгаад иржээ”
гэсэн гарчигтай нийтлэл уншив. Амьдын хагацал гээч нь зовлонгийн туйл
гэдэг юм билээ. Үхсэний хойноос үхэх биш гэж монголчууд сэтгэлээ
хатамжилдаг бол амьдын хагацалд ороход чулуу шиг зүрхтэн ч мохож,
сөхөрдөг.
Эцэст нь хүүгээ бүр мөсөн алдсан юм биш байгаа гэж бодож байсан ч сэтгэлийн мухарт горь тасралгүй өдий хүрсэн аж. Гэтэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны орой ахынхаас нь залгаж хүүг нь ирсэн гэж хэлсэнээр энэ учир битүүлэг хэргийг учиг тайлагдсан байна.
Хүү алга болсон нь ч кино шиг хачирхмаар. Монгол нутагт минь ийм явдал болдог юм байна гэж бодмоор. 2008 оны наймдугаар сарын 12-нд Рэнцэн хүү гэртээ дүү нартайгаа байжээ.
Хүү дүү нартаа чихэр авч ирэхээр хажуугийн дэлгүүрт ороод гарахад нэг машинаас танихгүй хүн дуудсан байна. Хэдийгээр хүү танихгүй хүнийг дагаж явахаар хүүхэд биш ч чихэр амттанаар хуурч машиндаа суулгаж дөнгөсөн төдийгүй, Рэнцэнгийн үеийн хоёр ч хүүхдийг авч явсан гэнэ.
Төд удалгүй хөвгүүдийг суулгасан машин хотоос гарч, хогийн цэг очиж хог түүлгэн, өөрсдөө холоос ажиж байжээ. Тэнд хоёр хоног хог түүсэн гэж Рэнцэн хүү гэрийнхэндээ ярьсан байна.
Дараа нь бүр хөдөө явж, цуг явсан хоёр нэгийг нэг мачлин айлд буулгаад, Рэнцэнг нөгөө хүүтэй хамтад нь өөр айлд аваачиж орхисон аж. Тэр айлд хоёр хөгшнөөс өөр хүнгүй, өглөө таван цагт босч хотны өтөг цэвэрлүүлж, хонь, тугал хариулуулж байсан гэнэ. Рэнцэнтэй цуг ирсэн хүү орой бүр орондоо шээдэг болж, хоёр хөгшин төвөгшөөж, хот руу буцаажээ.
Үүний дараа хүү ганцаараа ажиллаж, тэр айлын хамаг ажлыг хийдэг болсон байна. Тэр ч бүү хэл нөгөө айл нь түүнийг Рэнцэн биш Баяраа гэж дууддаж байж.
Нэг удаа хүү айлд нь ирсэн ачааны машины тэвшинд нуугдан, хот руу оргох гэж байгаад баригдсан гэсэн. Гэхдээ хоёр хөгшин яадгаа алдсан хүмүүс биш байсан бололтой хүүг тэгж байгаад хот руу буцаана гэж ярьдаг болсон аж.
Тэгээд зургаан жилийн дараа сая нэг ач хүүтэйгээ хамт хот руу явуулахдаа зүгээр л зугаалаад ир гэснээс бүр явуулаагүй юм билээ. Харин Рэнцэн хоёр хөгшний ач хүүг РС тоглоод ухаангүй байхад нь зугтааж, Ганданд байдаг өвөөгийндөө ирснээр амьдын хагацал үзсэн гэр бүлийнхэн уулзацгаасан нь энэ ажээ …
Дээрх мэдээллийг “Өдрийн сонин”-гийн сурвалжлагчид хүүгийн эцэг, эх өгсөн бөгөөд энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Зурагт хүүгийн аав, ээж хоёр.
Эндээс харахад хил дамнан яригддаг хүний наймаа, боолчлол Монголд ч бий бөгөөд жил бүр сураггүй бологсдын тоонд ордог хүмүүсийн асуудал ужгирсаар таг болдог нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй.
No comments:
Post a Comment