БНХАУ-ын Чжэцзян мужийн цагдаа нар хөл
хөдөлгөөн ихтэй гудамжинд олны өмнө нэг залууг зодож, аминд нь хүрсэн
хэрэг гарчээ. Энэ явдалд уурлаж бухимдсан мянга мянган энгийн иргэн
болон хууль сахиулах байгууллагынхны хооронд мөргөлдөөн үүссэн талаар
South China Morning Post мэдээлж байна.
Иргэд цагдаагийн хэд хэдэн машиныг
шатааж, таван цагдааг зоджээ. Үүний улмаас цагдаа нар иргэд рүү нулимс
асгаруулагч хий цацсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрсөн
бямба гарагийн өглөө хотын хянагч цагдаа гудамжинд хүнсний ногоо зарж
байсан настай эмэгтэйг тусгай зөвшөөрөлгүй гэж хөөжээ.
Энэ үеэр тэдний хажуугаар өнгөрч явсан,
30 орчим насны эрэгтэй утсаа гарган, настай эмэгтэйг хөөж буй цагдаагийн
бичлэгийг хийн, зураг авч эхэлжээ. Үүнийг харсан хэдэн арван цагдаа
гүйж ирээд, залууг зодож эхэлсний улмаас тэр ухаан алдсан байна.
Энэ бүхэн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд
болжээ. Хэргийн газар хэдхэн минутын дотор хэдэн мянган хүн цугларч,
цагдаа нарын машины өмнө хаалт үүсгэсэн байна. Уурссан иргэд машины цонх
хагалж, машинд сууж явсан таван цагдааг үхтэл нь зоджээ. Үймээнийг
зогсоохыг оролдсон цагдаа нарын машин, шархадсан хүмүүсийг авахаар ирсэн
түргэн тусламжийн машиныг ч шатаасан байна.
Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар хэргийн газар цугласан хүмүүсийн тоо 10 мянгад хүрсэн аж.
Мянга гаруй тусгай албаны цэргүүд ирж, үймээн дэгдээчдийг утаат бөмбөг, нулимс асгаруулагч хий ашиглан тараасан байна.
Эрх баригчдын албан ёсны мэдэгдэлд,
“Хотын хянагч цагдаа нарт зодуулсан Хуан нэртэй залуугийн биеийн байдал
хэвийн байгаа. Харин үймээн дэгдээгчдэд зодуулсан цагдаагийн таван
ажилтны бие хүнд байна. Энэ хэрэгтэй холбогдуулан 10-аад хүнийг
баривчилсан” гэжээ.
Гэвч хүмүүс Хуан амьд гэдэгт итгэхгүй
байгаа бөгөөд ийм нөхцөлд Засгийн газар ард иргэдийг тайвшруулахын тулд
худал мэдээлэл түгээдэг гэж үздэг юм.
“Цагдаа нарын эргэн тойронд цугласан иргэд Хуан амиа алдсаныг олж мэдсэний дараа тэднийг зодож эхэлсэн” гэж гэрчүүд мэдүүлжээ.
Ийм төрлийн хэрэг БНХАУ-д тогтмол гарч
байдаг гэнэ. Иймээс олон улсын шинжээчид Хятадын нийгмийг тэсрэх аюултай
гэж нэрлэдэг байна.
Ард түмэн авлигад автсан эрх баригчид, тэдний гар хөл болж буй цагдаа нарыг үзэн яддаг байна.
Эх сурвалж: gogo.mn
No comments:
Post a Comment