Monday, January 27, 2014

“УИЛЬЯМ О. ДУГЛАС: Гадаад Монголд зорчсон нь”

Нийтлэлийг: УИЛЬЯМ О. ДУГЛАС
Гэрэл зургийг: ДИН КОНГЕР
2013 оны 12 сар
 

Малчны гэрт зочилсон Уильям О. Дуглас, монгол шүүгч С.Чойжамц, гэрийн эзний хамт гүүний исгэсэн сүү (айраг) уун сууж байна. 


Гадаад Монголд зорчсон нь
Монгол орон миний хувьд ид шидийн гэмээр содон, нууцлаг ертөнц байлаа. Бага балчир байхаасаа л Чингис хаан, түүний хүү, ач нарын тухай, Бээжингээс Дунай мөрөн хүртэл үргэлжилж, өмнө зүгтээ Египетийн хилийг шүргэсэн Эзэнт Гүрний тухай шимтэн уншдаг байлаа. Эдгээр хүмүүс хахир өвлийн эрс хүйтэнд морин дэл дээрээс Москваг дайлж байсан гэхэд үнэхээр итгэмээргүй.
Хойд зүгийн зэрлэгүүдээс хамгаалахын тулд хятадууд Их цагаан хэрмийг байгуулсан түүхтэй. Эцсийн эцэст 1691 онд хятадууд Монгол орныг бүрэн эрхшээлдээ авч тэднийг нутагт нь тусгаарлаж, гадныхнаас “нуун” даржээ. Улмаар хэдэн зууны туршид Монгол орон нууцлаг орон болон хувирсан юм.

Хүчирхэг хөршүүдийн шатрын нүүдэл
Хоёр гүрний дунд хавчуулагдсан Монголын төлөөх тэмцэл, энэ газар нутаг дээр нөлөөллөө тогтоох гэсэн Орос, Хятадын тэмцэл одоо ч гэсэн үргэлжилсээр л. Оросуудад олон сая хятадуудыг өөрийн хилээс хол байлгах сонирхолтой бол Хятадад Монголын газар нутаг чухал.
1921 онд тусгаар тогтнолоо зарласан Монгол улс дөчин жилийн хугацаанд гадаад ертөнцтэй харилцаагүй байсан. 1961 онд энэ байдал өөрчлөгдөх хандлага бий болох тэр үед миний бие эхнэр Мерседес болон өөртөө Монголын виз хүссэн юм.
Зун шувтрах үед Москвагаас виз авч болно гэсэн мэдээ БНМАУ-ын нийслэл Улаанбаатараас ирж билээ. Ингээд бид богино хугацаанд бэлтгэлээ базааж замдаа гарав.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар шинээр гэрэлтэж, цагаанаар гялтганан байна. Хорин жилийн өмнө бөөгнөрсөн хэдэн урц овоохой байсан Улаанбаатар өнөөдөр өргөн чөлөө, талбай, засгийн газрын ордон, орон сууц мөн уламжлалт гэр бүхий хот болжээ. Энэ хурдацтай хөгжил нь Монгол улс орчин цагийн ертөнцийг гүйцэх гэсэн хүсэл эрмэлзлийг илтгэнэ. Зүүн талын зам Туул голыг гаталж Сүхбаатарын талбай дахь гантиган баганатай Төрийн Ордны зүг чиглэдэг. 

Хүржигнэх сарлагийн эх орон
Улаанбаатар хүрэх нисэх онгоцны цонхонд хамраа наан суусан бид бүгдийн бодлыг таасан мэт “Яг Вайоминг муж шиг юм гээч” хэмээн National Geographic сэтгүүлийн гэрэл зурагчин Дин Конгер хэллээ.
Шилмүүст ой шигүү ургаж, гүн цэнхэр нуурууд толботон үзэгдэх онгон зэлүүд Монгол орны хойд хилийг бид хэдийн давжээ.
Энэ нутаг бол эртний Хүннү, Түрэг болон дараа үеийн монголчуудын өлгий нутаг. Одоо ч сарлагийн эх орон хэвээр байна. Алхах бүртээ хүржигнэн дуугарах, сийрэг агаар, тачир ургамал бүхий өндөр уул, өндөрлөг газраар нутагладаг уг амьтныг хүмүүс Bos grunniens гэдгээр нь мэддэг.
Монгол Улс, Их Британи, Герман, Франц, Итали, Португали улсыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний газар нутагтай ч хүн ам нь ердөө л нэг сая.
Онгоцны цонхоор эскимо нарын бөмбөгөр оройтой сууцыг санагдуулам гэр буюу оросоор юрта гэдэг сууц үзэгдэнэ. Хөх тэнгэрийн дор, ногоон талд торойх бөмбөгөр цагаан гэр нь Монгол орны нийтлэг дүр төрх. Чингис хаан харвал эх орноо шууд л таних бизээ.
Харин Улаанбаатарын нисэх онгоцны буудлаас хот ороход орчин үеийн шинэхэн барилгууд нүдэнд тусав. Зарим барилга нь гантиг бөгөөд ихэнхийг нь цагаан шохойгоор өнгөлөн торджээ. Энд 160 мянган хүний ахуйн хэрэгцээг хангадаг ус цэвэрлэх байгууламж байгуулагдсаны сацуу цахилгаан станц ч ажилладаг.
Цайран сүндэрлэх шинэхэн гурилын үйлдвэрээс эхлээд нүсэр том кино студи бүхий Улаанбаатар нь хөгжин цэцэглэж буй хот бөгөөд уулсаар хүрээлүүлсэн, зүлэг ногоо сайтай, өргөн дэлгэр хотгор газрыг эзлэн оршдог. Харин Туул гол түүнийг хүрээлсэн гүн цэнхэр тууз адил үзэгдэнэ.
Онгоц буух зурвас бетон хучилттай, нийслэл хотод хүрэх зам цардмал боловч Монголын бусад хэсэг шороон замтай. Гэвч жийп байхад хүссэн газартаа саадгүй хүрнэ. 
Шороон зам нь бартаа ихтэй боловч замын хажуугийн зүлгээр явахад тун зөөлөн.
Хар үс, шаргал арьс, өргөн шанаа, монхордуу хамартай монголчууд надад Америкийн уугуул индианчуудыг санагдуулж байв. Гэхдээ дугуй царайтай, улаа бутарсан хацартай, навтгар хамартай нь ч бас бий. Монголчууд намхан, шөрмөслөг боловч хоёр метр ба түүнээс дээш өндөр хүн ч бас байна.
Монголчууд хувцсандаа нямбай, цэвэрч, ёс дэгтэй оросын биеийн тамирын чөлөөт хувцсыг төдийлөн таалаад байдаггүй. Сурагч хөвгүүд судалтай бор хилэн өмд, хүрэм өмсөнө. Охид нь урт үсээ сүлжиж гэзэг тавих бөгөөд сурагч бор даашинзны гадуур цагаан эсвэл хар хормогч зүүдэг. Тэдний улаан бүч нь дүрэмт хувцсанд нь бяцхан өнгө нэмнэ.
Албан ажилдаа хүмүүс өрнийн хувцсыг өмсдөг боловч дээлээ өмссөн хүмүүс Улаанбаатар хотод үзэгдэнэ. Хөдөө эрэгтэй, эмэгтэйн аль аль нь дээлээ голдуу өмсдөг. Бүжгийн талбайд дээл ихэд хөгжилтэй харагдах ч гудамжинд бол сэтгэл татам хувцас юм.
Хэрэв Монгол ард (малчин) эсвэл айл гэрийн хүн рүү жуулчин даллан мэндэлвэл хариуд нь тэд гайхам цагаан шүдээ яралзуулан сайхан инээмсэглэн мэндчилдэг. “Сайн байна уу” гэх үг нь нөхөрсөг дотно инээмсэглэлийг бэлэглэдэг.


Хуучны сүм хийд орчин цагийн үзэсгэлэнгийн танхимын загвар болсон нь. Энэхүү шилэн үзэсгэлэнгийн танхим нь сүм хийдийн загварыг шингээсэн архитектуртай ажээ. Шинэхэн энэ барилгын шилэн ханатай хэсгээр нь агаар, гэрэл чөлөөтэй нэвтэрдэг.  

Оксфорд аялгатай орос маягийн англи хэл
Монгол Жуулчин компаниас ирүүлсэн манай хөтөч И. Очирбал намхан, шөрмөслөг, дугуй царайтай эр байв. Тэрбээр Улаанбаатар хотын их сургуульд англи хэл сурчээ. Хичээлийг мэдээж орос багш долоо хоногт найман цагаар заадаг байж.
“Та яаж Британи аялгатай болсон юм бэ?” хэмээн Очирбалыг цаашлуулахад тэрбээр,
“Миний орос багш Оксфордод бэлтгэгдсэн байх” гээд жуумалзсанаа, “Америкчууд та нар өөр аялгаар ярьдаг тийм биз?” гэв.
Гадаад хэл монголчуудын сэтгэлийг татдаг болохыг би мэдэрсэн. Их сургуульд нь төвд, хятад, орос, манж, англи хэлний хөтөлбөр байдаг аж.
“Хэд нь англи хэл үздэг вэ?” гэж намайг асуухад,
“1961-1962 оны энэ хичээлийн жилд зуу орчим оюутан англи хэл сурч байгаа” гэж тэрээр хариулав.
Бид орчин цагийн монголчууд англи хэлээр уншиж болох ямар ном байгааг олж мэдэхээр Улсын төв номын сан руу явлаа.
Америк зохиолчдоос Марк Твен, Жек Лондон, Жон Стейнбек, Тайлор Колдвелл, Теодор Драйзер нарын цөөн хэдэн бүтээл байгаа нь харамсал төрүүлэв. Эрнест Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” ч мөн байв. Англи зохиолчдоос гэхэд Дикенс, Сомерсет Моэм гээд л бараг болчихов.
“Жефферсон, Мэдисон, Томас Пейн. Энэ хүмүүсийг дуулсан уу?” гэж би номын санчаас асуулаа. Тэр толгой сэгсрэв.
“Карл Сэндберг? Абрахам Линкольн? Роберт Фрост?” мөн л “Үгүй” гэсэн хариулт авлаа.
Гэтэл Очирбал хажуунаас “Бид Куперийг мэднэ. Жеймс Фенимор Купер гэдэг тийм үү?” хэмээн үг нэмэрлэв.
Би толгой дохиод, “Тэгвэл америк киноноос мэдэх үү?” гэхэд,
“Би зөвхөн Тарзаны тухай америк кинонуудыг л үзсэн” гэж Очирбал хариулав. Миний урам хугарсан нь мэдээж. Очирбал миний царайны илрэлийг ажаад, жоготой инээмсэглэн “Танд арай дээр кино бий юу” гэв.
Мерседес ярианы сэдвийг өөрчлөн “Та бүхэн америкчуудыг ямаршуухан улс гэж боддог вэ?” гэж асуулаа.
Монголчуудыг хурц гярхай ухаантай гэдэг. Үүний илрэл Очирбал: “Танай шүдний эмнэлэг л их сайн гэж сонссон л доо” гэв.
“Та шүдний эмчийн тухай юу мэдэх вэ? Таны шүд гялалзсан цагаан юм!” гээд  Мерседес хариуд нь инээв.
Марко Пологийн бичсэнээр, монголчуудын удаан хугацаанд хэрэглэж ирсэн хоол хүнс нь “мах, сүү”. Магадгүй хүнснээс нь шалтгаалаад шүд нь сайхан байдаг байх.
“Би 28 настай, Америкт та нар ломбо гэдэг байх аа? Надад ширхэг ч ломбо байхгүй” гэж Очирбал өгүүлэв. 


Хотын захын хороолол. Улаанбаатар хотын төвөөс гурван км зайд оршин суух хүмүүс шинэ бетонон орон сууцнаас монгол гэрээ илүүд үзнэ. Энэ хэсэг гэрэл цахилгаанд бүрэн холбогдсон. Цаана нь шинэс, нарс мод толгодын оройг бүрхсэн нь харагдана. 

Йелийн их сургуулийн дуу монгол үзэгчдэд таашаагдав
Монголчууд хөгжим бүжигт дуртай ард түмэн. Америкийн дуу, хөгжим тэдний сонорт “Америкийн дуу хоолой” хэмээх радиогоор гол төлөв хүрдэг. Жааз хөгжмийн бичлэгийг нийслэл хотод хийдэг. “Улаанбаатарын вальс” цомог 1961 оны зуны сүүлээр дөнгөж худалдаанд гарчээ.
Монголчууд бол авьяаслаг бүжигчид, хөгжим тэдний яс маханд шингэсэн мэт. Мерседес нэгэн бүжгийн хамтлагтай ардын бүжиг хийсэн юм. Энэ тухайгаа тэрээр “Монгол эрчүүд мэдрэмжтэй, хамгийн хэцүү хөдөлгөөнийг ч дагаад хийхэд амархан байлаа” гэж билээ.
Улаанбаатараас зүүн хойш, хэдхэн цагийн зайд байдаг Тэрэлж амралтын баазад байхдаа би дуу дуулах болсон юм. Цаг орой болж байсан тул би Иелийн их сургуулийн “Виффенпүүф” гэдэг дууг сонгож, дууг эхлээд Очирбал үзэгчдэд орчуулж өглөө. Дараагаар нь миний тоглолт үзэгчдэд тун их хүрсэн бөгөөд би өөрөө больё гэж гуйгаагүй бол америк дууг сонсохоор үзэгчид шөнөжингөө суух байлаа.
Монгол ардын оюун билиг уртын дууных нь хязгааргүй олон хувилбарт илэрдэг. Энэ дуу удаан үргэлжилдэг болохоор урт гэгдсэн юм биш. Харин дуучны хоолой гуниг харуусалтай үгсийн эгшиг авиаг уянгалуулан дуулдаг тул уг нэрийг авчээ. Үүний дүнд уудам тал нутаг дахь уйтгар ганцаардлыг илэрхийлсэн гэгэлгэн аялгуу сонсдоно.
Монголчуудад мөн “богино дуу” бий. Тэдгээр нь уртын дуунаас ихэнхдээ урт дуулагддаг. Ихэвчлэн хошин эсвэл хайр сэтгэлийн сэдэвтэй, уртын дуунаас илүү түргэн хэмнэлтэй байдаг. Богинын дууг морин хуур, шударга хөгжимтэй дуулна. Шударга нь урт иштэй, гурван чавхдастай, банжотой төстэй хөгжмийн зэмсэг юм. Мөн хуучир хэмээх урт иштэй, жижиг төмөр цартай чавхдаст хөгжимтэй дуулдаг.
Монгол дахь аяллыг минь зохион байгуулсан хүн бол Монголын хуульчдын нийгэмлэгийн ахмад гишүүн С.Чойжамц байлаа. АНУ, Монгол улс хоорондоо албан ёсны харилцаагүй байсан тул урилгыг Дээд шүүхээс Дээд шүүх рүү биш, харин Монголын Хуульчдын нийгэмлэгээс ирүүлсэн юм. Мөн би Тэргүүн шүүгч биш Туслах шүүгч тул урилга нийгэмлэгийн ерөнхийлөгчөөс бус дэд ерөнхийлөгчөөс ирсэн. Түүнчлэн монголчууд протокол хөтөлж байв. Гэвч хөдөө нутгаар сайхан эр Чойжамц, сүл пал яриатай Очирбалын хамт аялж явахад албан бус, энгийн харилцаа давамгайлж байсан юм.


Нийслэл хотын сурагч хүүхдүүд завсарлагааны цагаараа хөөцөлдөн тоглож байна. Тэд гар гараасаа барилцан тойрог доторх хүүхдийг баруун талд гүйж яваа хүүхдэд бариулчихгүйг хичээцгээнэ. Бага ангийн боловсролыг заавал эзэмших журам тогтоосноор Монгол улс шинэ үеэ 100 хувь бичиг үсэгтэн болгохыг зорьж байна. 

Хятад улс ажиллах хүч илгээдэг
Говь руу явах нь бидний машинаар туулсан хамгийн урт аялал байлаа. Дугуйгаа хэд хэдэн удаа хагалан байж бид шөнийн арван цагийн орчим жихүүн хүйтэн үеэр Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт хүрэв. Биднийг Монгол Жуулчин компаний хоёр давхар, тохилог зочид буудал угтаж билээ.
Өглөө нь бид цонхоороо цэнхэр өнгийн цэрэг өмд, цамцтай хятадын бүлэг ажилчид хашаан дотор чийрэгжих дасгал хийж байхыг харсан. Тэдгээр бяртай залуус сургуулийн хүүхдийн сагсны гадаа талбай барих зэрэг барилгын ажлууд хийдэг аж.
Эдгээр ажилчид бол Хятадын тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Монгол руу илгээгдсэн 20 мянга гаруй ажилчны нэг хэсэг гэж надад хэлсэн. Тэд монгол ханшаар цалинжих ба өөрсдийн бохир сууцанд хооллодог аж. Ихэнх нь хорь дөнгөж гарсан залуус байв.


Онгоц Булганд хуваарьт буултаа хийж байна. Онгоцны үйлчлэгч ачаа буулгаж байх зуур зорчигчид гадаалж байна. Бүс нутгийн төвүүд агаараар холбогдсон бөгөөд Бээжин, Эрхүү хот руу нислэг үйлддэг. Монголчууд Ильюшин 14 (ИЛ-14) гэх энэ онгоцыг хөлөглөнө.  

Эелдэг үгсийн цаана чухал сэрэмжлүүлэг
Бидний зорин яваа тэмээ үржүүлгийн газар говь нутгийн тэхий дунд байрладаг. Ховд сумын орон нутгийн захиргааны нэг эрхэм биднийг хоноглоод яв хэмээн ятгаж байв.
“Эндээс цааших зам тун хэцүү, та нар тухгүй явна” гэж тэрбээр хэлэв.
Бид түүний санаа тавьсанд талархаад, хүнд бэрх аялалд дадсан гэдгээ хэлэв. Харин тэр урт шөнө дуусахын өмнө бид түүний зөвлөгөөг авдаг байж хэмээн бодсон. Учир нь “хэцүү” зам нь бүр зам биш болон хувирч, бид элсэнд сууж, төөрсөөр хээр хэдэн цагийг өнгөрөөсөн юм. Сумын даргын эелдэг үгс, шуудхан та нар явж чадахгүй гэж хэлэхээс зайлсхийсэн явдал байсныг бид оройтож ухаарлаа.  
Найман км яваад бид хээр тал, говийг заагладаг ууланд хүрэв. Уулыг давахын тулд нарийн хавцлаар явсан бөгөөд хоёр ханаар дүүрэн зэв, алтлаг өнгөтэй хаг байв. Бид цаашилсаар Говийн хормойд ирэв.
Ингээд намайг удаан хугацаанд соронздон байсан өргөн уудам, нууцлаг энэ нутаг өмнө минь цэлийх нь тэр. Бүтэн сар дөнгөж цухуйж, жаргах нарны зөөлөн туяа сүүмийж байлаа. Говь нил ягаан өнгөтэй харагдана. Гайхам гоо үзэсгэлэнг анх харсан минь миний сэтгэлд хамгийн ихээр хоногшин үлджээ.
Зургаан цаг өнгөрөөд байсан ч бид тэмээ үржүүлгийн газраа олоогүй л байв. Улмаар сураг гаргахаар хэдэн хүн гарлаа. Очирбал бид хоёр дов дээр гарч тэднийг хүлээв. Эрэл сурал хийхээр явсан жийпний гэрэл үзэгдэх төдийд бид халуун шөл ууж, унтаж амрах хүсэл өөрийн эрхгүй оргилоод ирэв. Гэвч тэд муу мэдээтэй иржээ. Тэмээ үржүүлгийн газрыг олсон боловч хүн амьтангүй байсан бөгөөд эрлээ үргэлжлүүлэх гэтэл шатахуунгүй болжээ. Бидэнд буцахаас өөр зам байсангүй. Өглөөний дөрвөн цагийн үед бид өмнө нь өнгөрч байсан жижиг гэрийн дэргэд зогсож, цөөн хэдэн цаг унтаж авав. Өглөө нь бид аян замдаа гарч Говийг хөндлөн туулав. Энэ удаад гэгээн цагаан өдөр явсан.
Говьд мөлгөр хад зөндөө бий. Чулуунууд нь хавтгай, зарим газарт сайн дагтаршсан байдаг. Галт уулын идэвхжилт их байсны ул мөр зөндөө үзэгдэнэ. Болорын талст, саарал, улаан, хөхөвтөр өнгийн тунамал чулуулгууд байна. Бүгд хавтгай хэлбэртэй, маш гөлгөр.
Бидний аялсан газар хорт могой, зүйл бүрийн мэрэгч амьтны нутаг гэсэн боловч бид могой ховорхон үзэж, цөөхөн оготно харсан. Харин хөндийгөөр зээр олон байлаа. Бид хурдыг нь үзэхээр жийпээрээ хэсэг дагасан боловч бартаат газарт удалгүй хол хаягдав. Энд бөхөн ч олон бий. Би мөрийг нь харсан ч бодитоор ер үзсэнгүй. Харин хараацай болон хоёр метр урт далавчтай том хар тасыг би харсан юм.
Зэрлэг тэмээ энд бэлчсээр байдаг. Мөн энэ нутаг бол хулан, тахийн өлгий нутаг. Тахь нь манай стандартаар “одой” гэж хэлэгдэх монгол адуунаас ч жижиг. Хулан бол биеэрээ илжигнээс том, лууснаас бага. Туурай нь мориныхоос илүү урт байдаг.


Ирээдүйн унаач хүүхдүүд тун удахгүй унах морьдоо ажиглан зогсоно. Хурдны морьдын уралдаан бол монголчуудын үндэсний спорт юм. Наадамд уралдаж байгаа охид, хөвгүүд 6-12 настай бөгөөд 30 км урт замд уралддаг.  

Малчид Оросын сансрын нисгэгчдийг хүндэлдэг
Гагарин, Титов зэрэг Зөвлөлтийн сансрын нисгэгчдийн гэрэл зураг түгээмэл. Жаазалсан гэр бүлийн зургийн хажууд монгол удирдагчдын хөрөг өлгөөтэй байх нь их. Гэвч орсон айл болгонд хамгийн их харагдаж байсан нь Лениний хөрөг байлаа. Нэг удаа би учрыг асуухад, ард бахархалтай гэгч нь “Ленин бидэнд их ойр санагддаг юм.  Эх талаасаа монгол цустай юм” гэв.
Тэгэхэд би “Оросыг сайн маажвал татар гарна” гэх хуучны үгийг санасан.
Айлд зочлохдоо хэлдэг тогтсон үгс байдаг.
Айлчин хүн түрүүлж: “Сайн байна уу?” гэнэ.
Тэгээд гэрийн эзнээс гурван асуулт дараалуулан асууна.
“Танайхан амар сайн уу?”
“Үхэр (мал) тарган тавтай юу?”
“Энэ жил зуншлага сайн байв уу?
Хариуд нь гэрийн эзэн үргэлж “тийм” гэнэ. Бүр гэр бүл нь өвчинд нэрвэгдэж, үхэр нь турж, нутагт нь ган ганчиг болж байсан ч гэсэн тэд “сайн” гэсэн л хариулт өгнө.
Эдгээр асуултууд итгэлцлийг бий болгох үүрэгтэй ажээ. Дараагаар нь гол яриа эхэлнэ. Яриа үргэлжилж байх зуур ардын эхнэр цай аягалдаг. Дараа нь шаазан эсхүл модон аяганд айраг хийж барьдаг.
Марко Поло айрганд “цагаан дарсны амт чанар бий” хэмээн бичиж байжээ. Гэхдээ би Мерседесийн тодорхойлолтонд илүү дуртай – “оргилуун дарстай хольсон цөцгийтэй сүү”.
Айрагны дараа зочдод тараг барьж бас хуруудаар дайлж байсан.
Нэгэн шөнө говийн айлд айлчлахад хонины чанасан толгойг хутганы хамт миний урд тавьсан. Заншил ёсоор хүндэт зочин эрүүг салгах ёстой аж. Улмаар нэг зүсэм өөртөө аваад бусдыг эзэнд өгнө.
Үүний дараа хонины бүтэн ууц ирнэ. Хүндэт зочин махнаас урт урт зүсч гэрт байгаа бүх хүнд тараана. Айргийг хүмүүст дахин дахин аягалж өгсөөр байв. Төдөлгүй гэрт байсан бүх хүн халамцаж уур амьсгал чөлөөтэй болж ирэв.
Малчны хүү морин хуур гаргаж ирэн нутгийн бусад хүний тоглож байсан шиг гэгэлгэн гунигтай ая тоглов. Залууг тоглож байхад аялгуу сэтгэлийн гүнд хүрч, утга санаа нь мэдрэгдэж байв. Ая эгшиг нь хоргодох газаргүй нүцгэн талд, хүчтэй салхи шуурганаар туйлдаж ядарсан эзэн, морь хоёрын гачаал зовлонг илэрхийлж байв. Үүгээр зогсохгүй, монголчууд мориндоо тун хайртай, мориноосоо бүрэн хамаардаг болохыг хөгжим өгүүлнэ.


Тал хээр нутагт. Улаанбаатараас гарч өдрийн тал яваад Дугласынхан аян замын нөхөдтэйгөө монгол архи тулгаж байна. Хуушуур, өндөг, талх, орос түрснээс хээрийн хоол бүрдэнэ. Ард нь бэлчиж буй үхрүүд нэгдлийнх ажээ. 

Морь ба монголчууд
Хээр талаар монгол жороо морьд тоос татуулан давхихад, унаачид нь дөрөөн дээрээ зогсдог. Бүлэг морьтон цугтаа явахдаа тун ч сүрлэг харагдана.
Морьд нь шандас сайтай, багахан хүнс тэжээлээр холын зам туулж чадна. Эцэнхий туранхай монгол морь гэж байдаггүй. Мөн тэжээвэр морь ч байдаггүй, нэр устай морь ч байдаггүй. Тэгсэн мөртөө монголчууд мориндоо хайртай, санаа тавина ч гэж жигтэйхэн. Марко Пологийн бичсэнээр эрт цагт морины хулгайч үхэх ял сонсдог байж.
Нутгийн баруун хэсгийн 37 мянган хүн амтай казакууд нь монголчууд дундаа ганцаар морины мах иддэг. Ихэнх монголчууд морио иднэ гэж зүүдлэх ч үгүй.


Буйдхан зэлүүд говь нутаг. Өнгө, араншин нь үргэлж хувьсах энэ нутаг үдийн нарны туяанд шаргалтан үзэгдэнэ. Нэгэн цагт үлэг гүрвэл хөлхөлдөж байсан энэ нутагт одоо хавтгай, тахь, хулан бэлчиж байна. Нүцгэн толгод бүхий өндөрлөг тал Монгол орны гуравны нэгийг эзлэх ба газар доор нь баялаг тосны орд, усны нөөц бий.  

Монголын соёлын Энэтхэг нөлөө
Энэтхэгийн нөлөө Монголын соёлд асар их байдаг. Номын сан, хийдийг дүүргэдэг төвдийн утга зохиолын баялаг сан хөмрөгт нь энэтхэгийн гүн ухаан, соёл шингээстэй. Энэтхэг нь Буддын шашнаараа дамжуулан Монгол оронтой хэдэн зуун жилийн дотно харилцаатай байсан.
Нэгэн орой, Улаанбаатар хотод, Шинжлэх Ухааны Академийн хэл бичгийн эрдэмтэн, доктор Ш.Бира Монгол оронд Буддын шашин дэлгэрсэн түүхийг он цагийн дарааллаар нь хэлж өгсөн юм.
Тэрбээр Буддын шашин Монголд гурван удаа хүчтэй дэлгэрсэн гэв. Эхний давлагаа VIII-IX зуунд орж иржээ. Энэ нь Чингис хаан Буддын шашинг Монголд XII зуунд бэхжүүлсэн гэдэг нийтийн ойлголттой зөрж байна. Гэвч Хятад Монголыг эзэлж, ертөнцөөс тусгаарлах хүртэл Буддын шашин идэвхжин газар аваагүй, төртэй хослоогүй байжээ.
Монголчуудын шүтдэг Буддын шашин нь бөө мөргөлтэй уусан нэгджээ. Бөө мөргөл Монголд урт хугацааны түүхэн улбаатай юм. Ихэнх дов толгод, уул давааг өөрийн савдагтай гэж үзнэ.


Эсгий хучлагатай гэртээ энэ айл тав тухтай амьдрах аж. Тээврийн жолоочийн энэ гэр Улаанбаатарт суурин байдаг. Хивс модон шалыг нь бүрхэж, тог цахилгаан гэрлийн чийдэнг асаан, цэвэрхэн гялгар уут тоононы нүхийг битүүлжээ. Хүү тоглоомон онгоцоор тоглож байна. Түүний өмссөн барууны хувцас аав ээжийнх нь уламжлалт дээлтэй эсрэг тэсрэг харагдана.  

Лам нарыг доройтуулсан хувьсгал
1921 оны хувьсгалын үед Монгол орон бүхэлдээ мал аж ахуйн орон байв. Аж үйлдвэрийн хувьсгал тэднийг дайралгүй өнгөрсөн. Болхи аргаар олборлодог нүүрсний нэг л уурхайтай, тэр нь жилд 1500 тонн нүүрс гаргана. Гараар хэвлэх хоёр үйлдвэр ажилладаг байсны дийлэнх нь орос ажилчид. Хятадын эсрэг бослогыг удирдсан Сүхбаатар нэгэнд нь ажиллаж байжээ. Сүм хийд, хятадууд мөн цөөн тооны язгууртны мэдэлд бүх баялаг байв.
Хэдийгээр 1921 оны хувьсгал Хятадын эсрэг чиглэж байсан ч давхар сүм хийдийн эсрэг байв. Гэвч Сүхбаатарын засгийн газар тэдний эсрэг хүч хэрэглэсэнгүй. Арай нарийн арга сонгожээ.
Эрэгтэй хүүхэд лам болохын өмнө бага сургуулийн боловсрол олсон байх шаардлагатай гэсэн хууль батлав. Хорин жилийн хугацаанд уг хууль хүссэн үр дүнгээ үзүүлж, хүүхдүүдээ лам болгохоор илгээдэг уламжлалыг тасалж чадсан байна.
Бид Улаанбаатар хот дахь Ганданд очиж, хоёр дацанд ном хурж байсанд нь оролцлоо. Хүжийн үнэр өрөө дүүргэх ба лам нар уншлагаараа дамжуулан тарни хэлж байв. Хэнгэрэг, бүрээ бишгүүр, цан бүгд Төвдийнх. Мөргөл, зан үйл нь ч төвдийнх ажээ.
Энд ч гэсэн монголчууд гадаад ертөнцийг хүчтэй сонирхдог нь мэдрэгдэж байв. Ахмад лам нар биднийг хүлээн авах үед бид дараах асуултуудад булагдсан: Буддын шашин АНУ-д дэлгэрсэн үү?
Монгол улс НҮБ-д элсэхийг АНУ яагаад эсэргүүцсэн юм бэ?
Яагаад АНУ Монголыг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ?
Яагаад хоёр орны хооронд багш, оюутан солилцоо байдаггүй вэ?
Ахмад лам өөрийн хүмүүсийн бодлыг хэлэв: “Түүхийн энэ цаг мөчид Монгол Улсыг дэлхийд таниулах нь нэн чухал байна”.
Өнөөдөр Монголын лам нар улс төрийн бүхий л эрх мэдлээс хөндийрсөн ажээ. Би Гандан хийдийн лам нарын холч ухааныг бишрэв. Хуучны ёс жаяг хадгалагдсаар байгаа нь үүнд л оршиж байгаа байх. Хүний сэтгэл мохно гэж байхгүй. Саад тотгор зөндөө учирлаа ч тууштай хүн цагийн уртад оюуны хэрэгцээгээ гүйцэлдүүлсээр байдаг ажээ.


Цагаан Үүрийн загасчид. Далайд гарцгүй Монгол орны хувьд загас агнуур нь шинэ салбар юм. Тосгоныхон агнасан загасаа ачихад бэлэн болгож эрэг дээр тараан хөлдөөж байна. Олзоо завинаас хялбархан буулгахын тулд эрэг рүү зам татжээ. 

Цалинтай их сургуулийн оюутнууд
Монгол улсын Засгийн газар эрүүл мэнд, боловсролыг хянаад зогсохгүй амьдралын бусад олон талыг ч хамаардаг. Орон сууцны хөлсийг улсаас тогтоох тул өрхийн орлогын дөрвөн хувиас хэтэрдэггүй.
Малчид сүү, бяслаг, айраг, махаа малаасаа авна. Дээр нь нэгдлийн ашгийн хувь авдаг. Их сургуулийн оюутнууд сард хамгийн багадаа 240 төгрөгийн (60$) тэтгэлэг авна. Ном, сургалт үнэгүй. Ардын хүүхдүүд сургуульд сурахаар хот руу явдаг ба улсын нийтийн байрны өрөөнд төлбөргүй ордог. Олон тооны хүүхэд асрах газар, цэцэрлэгүүд ажил хийдэг эхчүүдийн хүүхдийг үнэгүй асран хүмүүжүүлдэг.

Чингис хааныг дурсамж төдий хүндэтгэнэ
Монголчууд Чингис хааныг дурсдаг. Гэвч Монгол орон даяар түүнд зориулсан дурсгал байхгүй. Хэн ч түүний шарил байрлах газрыг мэдэхгүй. Монголын ихэнх түүхэн сударт түүнийг зуурдаар өнгөрсөн гэдэг.
Их хааных гэгдэх тугууд Улсын музейд байдаг аж. Нэг туг нь зэс хүрээтэй хүнд дугуй титэмтэй, дээр нь том, мөнгөн чимэглэлтэй, гурван салаа зэс сэрээ байна. Түүний дэргэд нэг суман үзүүртэй, арай өндөр хоёр туг байх ба нэг нь хар, нэг нь цагаан морины сүүлээр хийсэн залаатай. Том тугийг голдуу хүчтэй чадалтай эр морины нуруун дээр авч явдаг. Бариад алхахад ч ихэнх эрчүүдийн хүч хүрдэггүй.
Хархорин Улаанбаатараас баруун тийш 402 км-т бий. Марко Поло, Хархориныг том хот болгон өргөжүүлсэн Чингис хааны хүү Өгөдэйн таалал төгссөнөөс дөчин жилийн дараа эртний нийслэл хотын тухай тодорхойлон бичсэн байдаг. Тэрбээр, хот “бат бөх шавар хэрмээр хүрээлэгдсэн” гэсэн ба араар нь нарс, шинэсэн ойгоор хучигдсан уулс байжээ. Өнөөдөр цөөхөн хэдэн малтлагыг эс тооцвол хуучин хотын гэх юу ч үлдсэнгүй.
Харин Өгөдэй хааны тавьсан усжуулалтын систем хадгалагдан үлдэж, одоо улам  өргөжжээ. Үүгээр 81 км2 газрыг усалдаг бөгөөд энд ихэвчлэн буудай тариалдаг.
Энэ ферм 500 ажилчинтай, уудам газартай бөгөөд механикжуулалт хийгджээ. Ачааны машин, жийп машин бүгд Оросынх. Зөвлөлтийн 65 трактор, комбайныг орчин цагийн засварын газарт засч сэлбэж байна. Гурилын үйлдвэр жилд 11 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Долоон жилийн сургууль, эмнэлэг, чийрэгжүүлэх танхим, кино өргөө нь фермийн нэг хэсэг.


Эрдэмтдийн хувьд эрдэнэсийн сан нь болсон Улаанбаатар хот дахь Улсын төв номын сан сая гаруй номтой. Номын сангийн эрхлэгч Гончигдорж үнэлж баршгүй ховор Төвөд судрыг харуулж байна. Энд баринтaгтай судруудыг овоолон өржээ.  

Нийслэл хот буюу өөрчлөлтийн бэлгэ тэмдэг
Нэг шөнө бид тэрхүү хөгжил дэвшлийг илтгэх жагсаалт гаргасан юм.
“Бохир заваан байдал багассан” гэж Дин Конгер хэлэв.
“Арьсны өвчтэй хүүхэд байхгүй” гэж Мерседес нэмэв.
“Хотоос хөдөө хүртэлх хөгшин, залуу хүмүүсийн царай эрүүл. Бүгд эрч хүчээр дүүрэн харагдсан” гэж би хэлэв.
Бид Монголын ардын аман зохиол, хүмүүсийн мухар сүсгийн талаар ярилцав. Хар муур урдуур өнгөрөх нь Орост муу ёр байдаг бол Монголд тийм биш. Харин аянчны урдуур чоно өнгөрвөл монголчууд бэлгэшээдэг.
Хуучин ёс өөрчлөгддөг. Гэвч хуучны арга ухаан байсаар л байна. Урт хугацааны явцад ямар өөрчлөлт гарахыг хэн ч үл мэднэ. Дэлхийн нийгэмлэгийн (НҮБ) албан ёсны гишүүн болсон Монголыг одоо ямар өөрчлөлтүүд хүлээж буйг хэн ч мэдэхгүй.


Тод хээтэй хөнжил. Сүлжмэлийн үйлдвэрийг Британид үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Сайн чанарын ноос Монголын нэхмэл бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлдэг. Үйлдвэрийн ажиллах хүчний дийлэнхийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд дээлнээс илүүтэй барууны даашинз сонгон өмсчээ. 

Монгол Улс стратегийн байрлалтай
Монгол Улс их хүчнүүдийг нэгтгэдэг талбар болох уу? Бусад жижиг улсуудын адил стратегийн байрлалаа ашиглан Орос Хятад хоёрыг хооронд нь сөргөлдүүлэх үү?
Өнөөгийн Монгол улс ямар нэгэн атгаг санаа өвөрлөөгүй нь харагдана. Монголчууд туйлын няхуур, ёс зүйг сахин баримталдаг. Тэдний гаргасан шийдвэр тогтоол нь надад энгийн шударга, далд явуулгын өнгөн далдлалт биш гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан.
АНУ коммунист эвслийн гишүүн орнуудтай хурцадмал харилцаатай байдаг тул америкчуудад монголчууд онцгойлон ханддаг. Хэрэв америк зочинд хохирол учирвал нэг бол америк зочныг ямар нэгэн байдлаар дайрч доромжилвол монгол хөтөч маань тун цочирдох болно. Тиймдээ ч биднийг хүлээн авсан хүн маань таагүй явдал үүсгэхгүйн тулд бүхий л арга чаргаа хэрэглэж байсан.
Хэдхэн жилийн өмнө үндэстний дийлэнх бичиг үсэггүй байсан бол одоо бүх залуучуудаа уншиж бичихэд сургаж байна. Монгол улс эртний бичгээ албан ёсны хэрэглээнээс гаргаж 35 үсэгтэй кирилл цагаан толгойг авчээ. Оросынх тэгэхэд 33 үсэгтэй байдаг. Гэвч хойч үе нь Монголын түүх соёлоос тасарчихаагүй аж. Наймаас арван нэгэн насны хүүхдүүд сургууль дээрээ хуучин монгол бичиг сурсаар байна.


Ширхэг ч толбогүй мэс заслын өрөөнд Чехословакийн багаж төхөөрөмжүүд гялтганаж байна. 110 ортой Улаанбаатар хотын Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч, сувилагч нар мэс засалд орохоор бэлтгэлээ хангаж байна. Гүйдэг шилэн хаалганы наана туслах ажилтан ариутгасан багаж авчрахаар дохио хүлээн зогсоно. 

Агшин зуурын гэрэл зургийн аппарат
Би Азийн улс орнуудын хөдөө нутгаар хийсэн өмнөх аяллууддаа надад найрсаг өгөөмөр загнасан тосгоны хүмүүст өгөх бэлэг дурсгалын зүйлс авч явдаг байлаа. Тэгэхэд үзэг бал хамгийн их сонирхож байгааг би анзаарсан. Гэвч энэ удаа Дин Конгерт илүү хөгжилтэй санаа байв. Бид поларойд зургийн аппарат, том савтай хальс, стробскоп гэрэл үүсгэгчээ авлаа. Энэ аппарат түргэн зургаараа тааламжтай үр дүнг бий болгов.
Улаанбаатар хот дахь албан ёсны айлчлал, аймгийн төвийн албан газар, сум болон зочид буудал, засмал зам дагуу, улсын ферм, нэгдэл, гэр гээд хаа явсан газарт “агшин зуурын аппарат” Очирбалын хэлдгээр саад бартааг арилгаж, сайн замын үүдийг нээж байв.
Бид айлд зочилж гэрэл зураг авах бүрт энэ мэдээ ам дамжин маш хурдан тархдаг байв. Тэгээд нутгийнхан ирж, зургийг нь дарж өгөхийг эелдгээр хүсдэг.
Гэр бүлээрээ авахуулсан гэрэл зургаа тэд онцгойлон нандигнана. Монголчууд хэдийгээр XX зуунд алхан орcон ч Чингис хааны үеийн өвөг дээдсийнх нь хүндэтгэн үздэг байсан үнэт зүйлс одоо ч хадгалагдан үлджээ. Өвөг дээдсээ бахдан бишрэх, гэр бүлээ эрхэмлэх нь тэдний тусгаар тогтнолыг хүсэх хүслийн адил хүчтэй юм.


Шүүгч Дуглас социалист орны оюутнуудад эрх чөлөөний тухай лекц уншиж байна. Монгол Улсын Их Сургуульд уригдсан зохиогч маань илтгэгчийн индэр дээрээс Өрнийхний туйлын зорилгын талаар ярьж байна. Маркс, Энгельс, Ленин, Сталин нар нэгэн цаг үеийн хүмүүс мэт ханын зурган дээр хамтдаа харагдана. 1939-1952 оны хооронд БНМАУ-ын Ерөнхий сайд агсан Маршал Чойбалсангийн хөргийг хаалганы дээр залсан байв. Хатагтай Дуглас албаны хүмүүсийн хамтаар зүүн гар талд зогсч байна.  

Оросын тусламж
Орос инженерүүд Монгол руу үйлдвэр, станц, хотын зураг төслөө аваад бөөн бөөнөөрөө ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тэд Эрхүүгээс Бээжин хүрсэн төмөр замыг байгуулсан. Ер нь төмөр зам хийгээд бусад аж үйлдвэрийн төслүүд дээр Монголын тал ажиллах хүчин гаргаж, Оросын тал зөвлөхүүдээ нийлүүлдэг ажээ. Тухайлбал өнөөдрийн Монголын төмөр зам Монгол ажилчдаас бүрддэг.
Орос Монголыг агаарын тээврээр хангаж, нисгэгчдийг нь сургажээ. Үүний зэрэгцээ туулай, гахай, тахиа, загас гэх мэт аж ахуйг нэвтрүүлж хөгжүүлсэн байна. Монголын цэнгэг гол нуурууд үргэлж загасаар дүүрэн байсан. Гэхдээ монголчууд хэзээ ч загасчид байсангүй. Харин өнөөдөр загасны аж ахуй эрчимтэй хөгжиж, Монгол Орос руу жил бүр их хэмжээгээр загас экспортолж байна.
Монголын анхны инженер, машинист, эмч, химич нар Москвад боловсрол эзэмшсэн. Механикч, техникч нарын мэдлэг хуримтлуулах их дээд сургуулиудыг Оросууд байгуулж өгсөн. Мөн лабораторийн ажилчид, хэл зүйч, хэл бичиг судлаач, ургамал судлаач, эмч, багш гээд бүгдийг Орост бэлтгэжээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд сургууль, ясли, цэцэрлэгүүд, хүүхдийн пионерийн зуслан, улсын ферм, нэгдэл, балетийн компани, дуурийн нэгдэл, багшийн сургуулиудыг байгуулахад нь тусалжээ. Цахилгаан шатнаас өгсүүлээд угаалгын өрөөний хэрэгсэл, ачааны машинаас эхлээд хүнд суурь машин хүртэл бүгд Оросынх.
Сүлжмэлийн үйлдвэрт харин Британийн тоног төхөөрөмж хэрэглэдэг. Арьс ширний үйлдвэр, гутлын үйлдвэр нь Чехословак төхөөрөмжтэй. Бусад Зүүн Европын орнууд цөөн хэдэн төсөл хэрэгжүүлжээ.
Энэ цаг мөчид харин засгийн газарт нь  Оросын оролцоо байгаагийн шинж тэмдэг харагдсангүй.
“Оросын тусламж зээл үү, буцалтгүй тусламж уу?” гэж би засгийн газрын танхимын нэг хүнээс асуухад,
“Дандаа зээл” гэсэн хариу өгөв.
“Хүүтэй юу?”
“Тийм.”
“Орос чанга зээл олгогч уу?”
“Орос байнга зээлийн хүүгээ хэрэгсэхгүй болгодог. Бүр зээлээ буцалтгүй тусламж болгох нь бий”.
Монголын улс төрийн тогтолцоо Зөвлөлтийн загвартай ижил. Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн нэг л намтай ба тэр нь коммунист. Намын гишүүд цөөн. Монголын нэг сая хүн амын ердөө 50 мянга нь намд харьяалагддаг.
Сургуульд марксизм, ленинизмийн хичээлийг заавал орох ёстой байдаг. Захиа шууданд зарим нэг хяналт тавих ба зарим хүмүүс үүнийг нь шүүмжилдэг.
Зохиолчид эвлэлд нэгддэг бөгөөд бичихдээ ихэнх цагийг зориулна. Зохиолчдын эвлэл ямар салбар судлагдвал зохих, ямар ном бэлтгэж гаргахыг шийдэж, бэлэн болсныг нь хянан засварладаг. Харин эдгээр нь дараа хянан шалгагч (Үзэл суртлын хэлтэс) руу очно. Хэрэв тэр татгалзвал эвлэл дахин засварлах болно. Монголын орчин цагийн нэрт зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужийг Улаанбаатарт одоо кино болгож байгаа бөгөөд хяналтынхан эсэргүүцсэн ч эвлэл шургуу тэмцсээр байгаа юм байна.
Намын гишүүд албаа олон сар тасралтгүй хашихаас өөрөөр онолоо хэр тууштай баримталдаг болохыг хэлэхэд хэцүү. Бид харилцан ярилцах үедээ байнгын зөрчилтэй байсан ч оросууд шиг тэд марксизмаар ам тагладаггүй байв. Би, хэрэв Карл Маркс ХХ зууны дундуур АНУ-д амьдарч байсан бол Das Kapital -ыг бичихгүй байх байсан гэх өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд  тэд үүнийг дайсагнаж биш сонирхон хүлээж авсан юм.


 Монголчууд барууны ховор гийчний яриаг анхааралтай чагнаж, сониуч нүдээр харах авай. Аав, ээж, хүү, хөрш саахалт айлынхан цугларч Дугласыг гадаад ертөнцийн тухай асуултаар булж байна. 

Сэтгэлгээний эрх чөлөө
Нэгэн удаа, Монголын Шүүгчдийн Холбооноос зохион байгуулсан оройн зоог дээр надаас Монгол орны хөгжил дэвшлийн талаархи өөрийн бодлоо хэлэхийг хүссэн юм. Би хөгжил дэвшлийг чухал боловч хүнс, аж үйлдвэржилт, эмнэлэг, эмч нараар хязгаарлаж болохгүй хэмээн хариулсан. Хөгжлийг зөвхөн оюуны үнэт зүйлсийг харгалзсаны үндсэн дээр тодорхойлж болно гэлээ.
“Би нийгмийг яруу найрагчдаар нь үнэлдэг. Тэдний бодож сэтгэх нь чөлөөтэй байна уу? Аливааг далайцтай судалж мэдэхийг зөвшөөрч байна уу? Эсвэл хэн нэг тушаалтан “Чи үүнд итгэх ёсгүй, түүнийг хэвлүүлэхгүй гэж хэлж байна уу?” хэмээн намайг ярихад Орост тохиолдсонтой адил намайг ширүүнээр зэмлэн буруушаасангүй. Монголчуудын сэтгэлгээ нээлттэй хэвээр ажээ.
Хэдий тийм боловч монголчууд өрнийн соёлоос тасарсан, жүүд-христийн соёл иргэншлийн нөлөөнөөс дэндүү хол, өрнийн агуу ном зохиолын талаар ойлголт нимгэнтэй. Хэрвээ тэд Орос, Хятадын завсарт хавчуулагдсан хэвээрээ удваас үзэл суртлын хүүхэлдэй болон хувирч болзошгүй.
Тэгэх аваас халуун сэтгэлтэй, эрэлхэг энэ ард түмний хувьд төдийгүй чөлөөт ертөнцийн хувьд эмгэнэлтэй.

1 comment: