Wednesday, February 5, 2014

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ!

Олон нийтийн сүлжээ болон зарим сайтууд хүмүүсийн анхаарлыг татахын тулд дэндүү болчимгүй, ёс зүйгүй үйлдлүүд гаргах нь хэрээс хэтэрлээ. Уншигч та санаж байна уу. Гурав хоногийн өмнө “Монгол охид арай ч дээ” гэсэн тайлбартай угаалгынхаа өрөөнд нүцгэн зогсож буй нэгэн охины зураг фэйсбүүкээр цацагдсаныг санаж буй биз ээ. Арван жилийн дунд сургуулийн нэгэн сурагч охин “Өргөө-1” кинотеатрын урд байрлах явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад халааснаасаа утсаа алдсанаас болж ийм хэрэг гарчээ. Охины утсыг авсан “хулгайч” хувь хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, нууц зургийг нь олон нийтэд бүдүүлгээр цацсан байна. Энэ бүхнийг харсан фэйсбүүк хэрэглэгчид охины зурган дотор бүдүүлэг, доромжилсон сэтгэгдэл бичиж тэр тусмаа залуучууд “Монгол охид тэр чигээрээ биеэ үнэлэгчид болчихсон юм биш үү” хэмээн хошуу нийлүүлэн бусдыг муулж байсан.
Найзтайгаа кино үзчихээд зам гарч явахдаа утсаа хулгайд алдсанаас болж дунд сургуулийн нэгэн охин ийнхүү анги хамт олон, сургуулийнхаа хүүхдүүдийн өмнө нүүр хийх газаргүй, ирээдүйд амьдрах итгэлгүй болчихсон явж байна. Түүний сэтгэл хэрхэн шаналж, бусдаас ямар их ичиж буйг бидний хэн нь ч мэдэхгүй. Бид юунд түүнийг олон нийтийн сүлжээгээр жигшин, зэвүүцэж бузар булай зүйл харчихсан мэт авирлана вэ. Монголчууд бид унасан нэгнээ тохойноос өргөөд босгодог хүнлэг сайхан сэтгэлтэй ард түмэн. Гэтэл сүүлийн үед мэдээллийн гэх зарим сайтууд фэйсбүүк, твиттерийн хэрэглэгчдийн ихэнх нь “гуйлгачид” болсон. Хүмүүсийн анхаарлыг татаж л байвал юу ч хийхээс буцахгүй, аливаа зүйлд дэндүү хүнлэг бус хандаж байна. factnews.mn, paparatsi.mn гэх сайтууд охины нүцгэн зургийг олон нийтийн сүлжээгээс авч мэдээ бичин нийгэмд дахин цацсан нь мөн л ёс зүйгүй үйлдэл. Охины эгч дээрх сайтууд руу утсаар холбогдож “Дүүтэй минь холбоотой мэдээллийг устгаад өгөөч. Өөрийнхөө зургийг фэйсбүүкээр тарсныг мэдээд "шок"-нд орсон. Өөртөө муу зүйл хийх вий гэдгээс айж байна. Та нар хүний хувийн нууцад халдсан ийм зургийг нийгэмд дахин түгээж болохгүй” гэж гуйсан боловч хүлээж аваагүй аж. Ийм ядмагхан аргаар уншигчдыг татах гэж оролдсон дээрх сайтууд охиноос уучлалт гуйх нь зүйтэй болов уу. Сэрэмжлүүлэг болгох гэж мэдээ бичсэн бол охины нууц зургийг биш өөр зургаар орлуулж болох байсан. Ингээд бид зургаа алдсан охинтой уулзаж, цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Хичээлдээ явж байгаа юу?
-Анх зургаа олж харсан өдрөө үхчихмээр л санагдаж байсан. Одоо арай гайгүй. Гэхдээ л маш хэцүү байна. Гадуур явахаар хүмүүс намайг таниад хараад байгаа юм шиг санагдаад. Сургууль руугаа орохоор хүүхдүүд над руу хараад, хоорондоо шивнэлдэж яриад байгаа нь надад маш хүнд байна.
-Зургаа фэйсбүүкээр тарсан гэдгийг яаж мэдсэн бэ?
-Нөгөө ангийн охин утсаар ярьж хэлсэн. Би тэр үед нь буруу ойлгоод нэг их тоогоогүй. Өдөр 15.00 цагийн үед манай найз над руу аймаар үгтэй мессэж явуулсан байхаар нь гайхаад залгасан чинь надад уурлаад хэлсэн. Тэгээд л би интернэт орохоор гүйсэн. Фэйсбүүк рүү ороод өөрийнхөө зургийг харсан. Үнэхээр аймшигтай санагдсан. Надад 400 гаруй найзын санал, 50 гаруй мессэж, 500 сэтгэгдэл ирсэн байсан. Эхнээс нь уншиж эхлээд л уйлсан. "Шок"-нд орсон. Гэр рүүгээ явж байхдаа ч уйлаад, үхмээр байсан.
-Утас нь кодтой байсан биз дээ?
-Тийм ээ, кодтой байсан. Миний зургийг олон нийтэд түгээсэн тэр хүн үнэхээр муухай сэтгэлтэй.
-Цагдаад мэдэгдсэн үү?
-Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байдгийг мэдсэн. Намайг хүрээд ир гэсэн. Миний зургийг фэйсбүүкээр цацсан хүнийг олохыг маш хүсэж байна.
Бусдын болчимгүй үйлдлээс болж найз нөхөд, хамаатан садныхаа өмнө эвгүй байдалд орж сэтгэлээр унан шаналж буй охинд бүгдээрээ урмын үгс харамгүй хайрлаарай. Үг гэдэг бүхнээс хүчтэй шүү дээ. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй юунаас ч илүү эмзэгхэн байдгийг санахад илүүдэхгүй болов уу.

2 comments:

  1. Hezee negen tsagt ter hun ni zaawal garch irnee sanaa buu zow amjilt husey

    ReplyDelete
  2. Ene uneheer haramsaltai yum boljee. hunii yumiig olood erguuleed ugchih setgel baihgui bol yadaj muu yum hiihgui muruuruu yavah ni uurt ni buyan boloh baisan baih daa. Ene ohinii utasiig ni olj online taraasan hun ni yumnii uchir medehgui joohon huuhed baisan bailgui dee ternees nas bied hursen hun ingej hunii muud durlan ter tusamaa joohon ohinii ireeduig hund baidald oruulah zuil hiihgui baisan biz.

    Gehdee ene ohind handaj helehed minii duu ene buhenees surgamj avaad tsaashdaa alivaa zuild bolgoomjtoi handaj suraad unguruuguurei. tsag hugatsaa buhniig martuulah bolohoor heseg hugatsaanii daraa buh zuil saihan bolnoo.

    Hun burt nuuts bii. MAsh ih ichmeer hend ch heleheergui nuutstai humuus ch zunduu. chamd negative comment ugsun ter humuust chinii nutsgen zuragnaas ch iluu nuuhaar zuilstei humuus bgaa. Minii duu zugeer l ene buhniig unguuruuchih.

    Goodluck

    ReplyDelete