Monday, March 17, 2014

Архичин хадам ээж

Миний хадам ээж архи уудаг. Харанхуй шөнө хаа холоос такси барьж ирээд ёс юм шиг би мөнгийг нь төлөөд, тэр гэхийн аргагүй ой гутмаар, шивтэр ханхалсан үнэр нь гэрээр нэг үнэртэн, үр хүүхдүүдээ өөрийгөө элдвээр хэлүүлэн, агсан тавин хашгичан, бархирах олон шөнүүд би үзсэн. Энэ хүнд би өргүй, охиныг нь хүчээр богтлож аваагүй, орчин цагийн хуулиар л суусан уг нь.
5 хүүхэдтэй хэрнээ ганцхан манайд л ирнэ байна, хэд хоног эрүүл болж тэнхэрч ирээд, индүү, хүүхдийн утас энэ тэрхэн юм хулгайлаад хэдэн өдөр ууж байгаад ирнэ дээ. Ганц бие охин нь 3 өрөө байрандаа оруулахгүй, хаалгаа тайлдаггүй нь үнэн шогийн, (уг нь ээжийнх нь байр) бас нэг хүү, охин хоёр нь боломжийн амьдралтай хэрнээ ээжийгээ гэртээ байлгадаггүй, за бас эхнэр нөхөр нь уурладаг биз дээ гэж ойлгож нэг болох л юм. Тэр ганц бие охин нь арай л байгаа биз. 2 хүүхэд нь Америкт байдаг ирэн очин байдгийн, ирэхээрээ ээжийгээ татна, сайхан амьдруулна, энд ингэж хогийн байлгахгүй гэж ирээд л над руу нэг том хардагийн гэтэл яг үнэндээ татаад авчихдаггүйн сонин. Саяхан хадам маань нэг жижиг хагалгаанд орлоо, орохоосоо өмнө
-Ээж нь хагалгаанд орлоо надад мөнгө явуулаарай гээд тэнд байдаг даа ч хэлээд энд байдаг даа ч хэлээд байгаа харагдсан, яг цаг нь тулаад ирсэн хэн нь ч байдаггүй ээ хөөрхий эх үрийн нандин холбоо гэдэг нь л энэ байх. Шаварт унасан шарын эзэн би гэдэг хүн л төллөө, гарч ирээд ээж нь баярлалаа гэж нэг хэлсэн юм тэрэнд нь би жоохон баярлаад байгаа юмаа ухаан нь. Мартын 8-р өөрийнхөө ээжид баяр хүргэж ганц торт барьж очоогүй дээ бяцхан бухимдавч ханийнхаа ээжид тусалсан даа гэж бодоход сэтгэл жаахан тэнүүн байлаа.
Гэвч тусалсан гэдэг нь их л олон тоон дээр яригдахаар болсон болоод л ингэж бичиж байгаа маань энэ. Уул нь 5 хүүхдээ хойд эцгийн гар харуулалгүй залуу насаа гандтал зүтгэсэн энэ хүнийг харахаар заримдаа Тунгалаг Тамир романы -Энэ хүнийг Эрдэнэ гэдээг… гээд эхэлдэг шиг амсах зовлон үйлийн үрээ, эдлээд дуусчихсан гэж бодогдмоор, одоо л энэ хүн жаргах ёстой доо гэмээр, гэвч архи гэдэг бариа нь харагддаггүй бассейны зам шиг их зовлонтой шингэнд амьсгаа авч чадалгүй, үр хүүхдийнхээ ач тусыг үзэж чадалгүй живэх нь дээ хөөрхий. Хөөрхий гэснээс хөөрхий нь би болоод байнаа хөө.
Сая хагалгаанд орсноос нь хойш би ээжийг чинь дахиж согтуу харанхуй шөнөөр гэртээ оруулахгүй тэр хүүхдүүд дээрээ очно биз би лав гэртээ оруулахгүй гэж эхнэртэйгээ тохирсон юм, гэтэл өнөөдөр хаалга үүд тас тас цохисоор таксины жолоочоор түшүүлээд ороод ирлээ, би ч гэртээ оруулахгүй яв зайл тэр охин дээрээ оч гээд охин руу нь залгатал
-Наад авгайгаа гаргаад хая хэнд хамаатай юм гэж ирээд надад уурлаж байна, би ч гаргаж хаяна гээд чирж байтал эхнэр маань уйлаад, хүүхдүүд бүлтгэнээд би гэдэг хүн өөрөө өөртөө киноны эсрэг талын баатар шиг хүн чанаргүй хөгийн амьтан шиг санагдаад яаж ч чадсангүй буцаад ороод ирлээ. Оруулж ирээд үнэр танарнаас болоод гал тогоонд хаалга хаагаад, хэвтүүллээ хагалгааны оёдол нь идээлээд хавдчихаж, хувцас хунар гэж авах юм алга, ингэж хүн байтлаа нохой шиг явах гэж. Жоохон юм идээд над руу ганц хоёр юм бувтнаад муухай хараад нулимаад тасраад унтлаа, нохойгоор бол сүүлчийн хуцалтаа хийж байгаа юм уу даа.
Ер нь яг нуулгүй хэлэхэд би ийм гаргаад хаячих зүрхгүй болохоор л ингэж элэг барьж байх доо. Би гэдэг хүн хөндлөнгийн хүн харвал ажил дээрээ бол ёсорхуу, мундаг хүн нэг муу хурган дарга, амьдрал дээр хадамдаа нулимуулаад л байж байна даа. Ийм л сайхан хадамтай, тийм сайхан хадам ах эгчтэй хүн дээ би…

No comments:

Post a Comment