Wednesday, April 23, 2014

Сүйрсэн хөлөг онгоцонд амь үрэгдсэн баатарлаг хүү 16 настай байжээ

 Өнгөрсөн лхагва гаригт /IV.16/ далайд осолдож живсэн “Севол” гатлага онгоцны ахмад И Жун-сук болон багийн өөр хоёр гишүүнийг хүн амины хэрэгт буруутгаж, эрүү үүсгээд байгаа. Өмнөд Солонгост хүн амины хэрэгт бүх насаараа хорих ял оноодог аж. Хөлгийн ахмад И Жун-сукийг багийн гуравдугаар далайчин болон залуурчны хамт өнгөрсөн долоо хоногт ажил үүрэгтэй хайхрамжгүй хандсан, далайн хуулийг зөрчсөн хэрэгт буруутган баривчилсан юм. Тэд олон зуун зорчигчдыг ардаа үлдээгээд аврах багийн эхний завинд сууж амь аврагдсанаасаа болж хохирогчдын үхэлд буруутгагджээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын цагдаагийн газраас хөлгийн багийн өөр гурван гишүүн, “Chonghaejin Marine” компанийн удирдлагын хоёр хүнийг баривчлан, мэдүүлэг авч байгаа гэнэ. Энэ хооронд Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг, эргийн хамгааллын 500 гаруй шумбагч живсэн хөлөг рүү нэвтэрч, хоёр болон гуравдугаар давхраас олон тооны цогцос олж, гаргажээ. “Севол” гатлага онгоцны ослоос 174 хүнийг эсэн мэнд аварч чадсан юм. Далайн аялалд гараад 20 жил болсон “Севол” хөлөг онгоцонд 475 хүн зорчиж явсны 350 гаруй нь Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны сурагчид байсан билээ.
 

Тэдэн дунд Жүн Ча Вонг нэртэй 16 настай хүү байсан бөгөөд "Севол" хөлөг онгоц живэх үед өөрийн аврах хантаазаа хамгийн сайн найздаа өгөн усан доор орсон бусад хүмүүсийг аврах гэж ороод амь насаа алджээ. Тэрбээр тун удахгүй 17 нас хүрэх гэж байсан хэмээн найзууд нь ярьж байгаа аж.

No comments:

Post a Comment