Wednesday, January 8, 2014

Адууны хулгай илчилсэн биш “аавынд” очих дөхөөд байна


Уранчимэг гэх энэ эмэгтэй Дархан-Уул аймгийн харъяат. Бусад зуу зуун хүний адил өнөөдөр хилсээр хэрэгт татагдан орсон нэгэн аж. Тэрбээр аймгийнхаа цагдаагийн газар, мөрдөн байцаах тасаг болон шүүх, прокурорын байгууллагын ажилчдын хууль бус ажиллагааны талаар гомдоллож байна. Цагтаа мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн Дархан-Уул дахь салбарт байцаагчаас нь эхлээд даргыг нь хүртэл алба хашиж байсан энэ эмэгтэй өдгөө адууны хулгайн хэрэгт гэрчээр татагдсаныхаа төлөө өөрөө малын хулгайч гэмт хэрэгтэн болж байгаа ажээ.


-Та ямар хэрэгт гэрчээр орсныхоо төлөө өнөөдөр хэрэгтэн болов оо. Ямар тайлбар танд өгсөн юм бэ?
-Би малыг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн Дархан-Уул дахь салбарт нь байцаагчаас нь эхлээд ажиллаж байсан. Тэгээд өнгөрсөн 10-р сарын 15-нд Крунов гэж хүний нэг адуу алга болсон хэрэгт гэрчээр орж байсан юм. Энэ хэргийг үйлдсэн хүн нь олон удаагийн хулгайн үйлдэлтэй Батжаргал гэж шалгарсан сайн эр байгаа юм. Бүр тэдний хашаанд нь алга болсон гэх адуу зүсээрээ байсныг би харсан. Энэ талаараа л мэдүүлсэн. Гэтэл энэ хэрэгт жинхэнэ хулгайчийг биш өөр хүмүүсийг хардаж анхан шатны шүүхээс арван жилийн ял оноосон. Сүүлдээ бүр гэрчээр орж байсан намайг яллагдагчаар татаж эрүүгийн хуулийн 254.2 гэсэн зүйл ангиар ял төлөвлөсөн байгаа.

Ямар шалтгаанаар ингэж байгааг асуухаар хүн гүтгэсэн, хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр гэж тайлбарласан.  Хүн гүтгэсэн гэж юуг хэлээд байгаа юм бэ. Бодвол Батжаргал гэж хүнийг тэр адууг хулгайлсан хашаандаа авчирсан байсан гэдгийг нь үнэнээр хэлснийхээ төлөө ийм зүйл ангиар шийтгүүлж байх шиг байна. Тухайн үед тэр хүнийг Сэлэнгийн Цагдаагийн хэлтэс эрэн сурвалжилж байсан. Тэр бол удаа дараагийн малын хулгайч рецедив этгээд юм.

-Тэр хоёр хүнийг ямар үндэслэлээр татаж байгаа хэрэг вэ. Хулгайд хардах үндэслэл байсан хэрэг үү?
-Хулгайд хардсан шалтгаан нь ердөө л толгой цувдай зардаг ченжийн  мэдүүлгээс   болсон   хэрэг.   Тэр   хүний худалдаж авсан толгойн дотроос нь нөгөө алдагдсан адууны толгой гарч ирж хэнээс авсан гэхээр нь Галбадрахаас авсан гээд хэлчихсэн байгаа юм. Уг нь тэр хүн өөр хүнээс авсан мөртлөө тэрхэн хооронд сандарсан юм байлгүй дээ, нэр андуураад хэлчихсэн. Тэгээд энэ хүмүүс биш гээд байхад чинь огт авч хэлэлцээгүй. Яагаад гэхээр баахан шуугиан болгож анхан шатны шүүх хурлыг нь хийгээд тасалчихсан байсан болохоор аймгийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нэр хүнд унана гэсэн өчүүхэн шалтгаанаас болоод энэ хэргийг хүчээр шийдсэн.

Тэгснээс болоод аав хүү хоёр хоригдож, таслагдсанаасаа хойш эцэг нь жил хүрэхгүй хугацааны дараа учир битүүлэг шалтгаанаар шоронд нас барсан. Харин хүү нь арван жилийн ялтай байгаа. Тэгээд хэргээ задлаад таван удаа шүүх хурал нь болсон мөртлөө нэг тийш нь шийдчихэж чадахгүй л яваад байна. Тэнд хүний амь нас эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг яаж үнэлэх вэ. Энэ талаар манай аймгийн хуулийн байгууллагынхан ерөөсөө бодохгүй байгаа. Ганцхан өөрсдийнхөө нэр хүндийг унана гэхээс айж байгаа.

-Батжаргал гэгчээс байцаалт авсан юм уу. Тэр хүн хийсэн хэргийнхээ талаар юу гэж мэдүүлдэг юм бэ?
-Байцаалт авсан юм билээ. Тэгээд хийгээгүй гээд л байгаа. Бүр аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Наранбаатар Батжаргалыг хэргээ битгий хүлээ гээд байгаа. Надад хүртэл ингэж шуугиан дэгдээхээ боль,  байгууллагын нэр хүнд унагаагаад гэсэн юм хэлсэн. Би хэдийгээр өөрөө хэрэгтэн болж яллах дүгнэлт үйлдүүлчихээд байгаа ч гэсэн амиа бодоод явмааргүй байна. Харсаар байгаад гэм зэмгүй хүмүүсийг хэрэгтэн болгоод явуулмааргүй байна гэдгээ л хэлсэн. Гэтэл нөгөө хүн нь ч бас хийгээгүй хэргийнхээ төлөө ял хүлээхгүй гээд. Адуугаа алдсан Крунов болохоор адууныхаа мөнгийг Батжаргалаас нэхэж аваач гэхээр тэр хоосон гуйлгачингаас юуг нь авдаг юм бэ гээд байгаа. Тэгэхээр тэр хүн ч бас хэдхэн төгрөгний төлөө хүний амийг юман чинээ тоохгүй байгаа гэдгийг хэлмээр байна.

-Ингэхэд тэр адууг хэдэн төгрөгөөр үнэлсэн болоод өдий хүртэл асуудал үүсээд байгаа хэрэг вэ?
-Дарханы цагдаагийн ахмад Мягмаржав тэр адууг чинь 11 саяар үнэлүүлчихлээ. Хоёулаа дундаа хийнэ шүү гээд орж ирсэн. Ингэхдээ намайг хүн ч гэж тоогоогүй. Зүгээр нэг муу адсага арав гаран сая төгрөгөөр үнэлэгдэж байхад хүний амь яаж үнэлэгдэх ёстой вэ. Одоо амьд байгаа нь цагаатлаа гэхэд нас барсан хүний амийг юугаар нөхөх вэ. Энэ тал дээр манай хүний эрхийн байгууллага анхаарлаа хандуулах байх гэж найдаж байгаагаа танай сониноор дамжуулъя.

-Ар гэрийнхэн нь ямар байдалтай байгаа вэ. Яагаад хэрэгтэн нь байтал тэднийг гэж онцлоод байгаа юм?
-Махны наймаа хийгээд хэдэн жил болчихсон хүмүүс. Уг нь бол мөнгөтэй юм билээ. Тэрийг нь мэдчихээд л салахгүй байхгүй юу. Гэхдээ хатуухан хэлэхэд тэр хүмүүс өөрсдийнхөө арчаагүй дуугүй ноомой байдлаасаа болоод өдий хүртэл шүүх цагдаа гээд явж байгаа юм. Би энэ хэргийн талаар үнэнийг нь олтол явна гэж хэлээд байхад надад итгэхгүй тэгж байгаад гаргачих байлгүй гээд л яваад байсан. Гэтэл одоо нөхөр нь үхээд, хүү нь арван жилийн ял сонсоод сууж байна. Тэглээ гээд би бас хаячихмааргүй байна. Миний хүн чанар намайг зулгаагаад байна. Түүнээс надад хамаагүй хэрэг гээд би чимээгүй яваад байж болох шүү дээ. Ямар ч байсан энэ хэргийн талаар ЦЕГ, УЕП гээд зохих газрууд нь анхааралдаа аваасай гэж хүсье. Тэгээд ч бид чинь Ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ!

No comments:

Post a Comment