Wednesday, May 28, 2014

Жэки Чан үнэхээр Монгол гаралтай юу?



Жэки Чан дээл өмсөж зургаа даруулжээ. Дээл түүнд сайхан зохисон харагдана. Учрыг нь сонсвол, кинонд хамт тоглож буй нэг монгол хүн энэ дээлийг түүнд бэлэглэсэн ажээ. Монголын сайтуудад бичсэнээр, Жэки Чан дээлийг өмсөөд “Би монгол цустай. Ийм сайхан дээлтэй болсондоо их баяртай байна” хэмээн хэлсэн гэнэ.

Харин түүний хэлсэн гэх дээрх үгсийг монголчууд тун соргог хүлээн авчээ. Ингээд сайтуудын сэтгэгдлийн буланд маргаан дэгдэв. Ялимгүй хэтрүүлж хэлбэл, маргаанд улайрсан зарим нь Жэки Чан төдийгүй Хятадын хамаг нэр хүндтэй хүмүүс монгол гаралтай хэмээн батлах бололтой.

Монголчууд долигонуур, өөдгүй зантай хүмүүс юм. Тэд барилгын хятад ажилчдын тухай мэдээ гарвал “хятад хүн”-ийг хамаг муугаар нь доромжлон гутаах хэрнээ алдар хүндтэй, хөрөнгө мөнгөтэйд нь долигонон шарвалзах төдийгүй тэднийг бүр монгол гаралтай болгох гэж үзнэ. Энэ янзаар сэтгэвэл, Хятадын 1 тэрбум гаруй ард түмний ядуу, муу муухай хэсэг нь хятад, харин өнгөтэй өөдтэй яваа нь монгол болж таарах нь.

Нэрт кино жүжигчин Жэки Чаны эхээс мэндлэхэд өгсөн нэр нь Чан Конг-Санг ажээ. Тэрээр Чан овогтой. Түүний намтарт бичсэнээр, Чан Конг-Санг 1954 онд Хонг Конг аралд Хятадын иргэний дайнаас дүрвэгч Чарльз Чан, Ли Ли Чан нарын ганц хүү болон мэндэлжээ. Түүний хүүхэд ахуйд гэр бүл нь тарчиг амьдралтай байв. Хожим түүний аав Францын элчин сайдын яаманд тогоочоор, ээж нь үйлчлэгчээр ажилд оржээ.

2003 онд Жэки Чаны эцэг, эх Хонг Конг аралд дүрвэн ирэхээс өмнө чухам хэн байсан талаар нэгэн шинэ баримт ил болсон юм. Энэ баримтад өгүүлснээр, Жэки Чаны эцэг, эх угаас ядуу хүмүүс байгаагүй гэнэ. Эцэг Чарльз Чан Дэлхийн II дайны өмнө Хятадын Гоминданы засгийн газрын тагнуул, эх Ли Ли Чан Шанхайд жүжигчин байжээ. Гэвч 1949 онд Мао тэргүүтэй коммунистууд иргэний дайнд ялалт байгуулж, Хятадын засгийн эрхэнд гарахад тэд Английн эзэмшил нутаг Хонг Конг руу дүрвэсэн ажээ.

Гэтэл 2013 онд нэрт кино жүжигчний угсаа гарвалын талаар бүр ч сонирхолтой баримт олдсон хэмээн мэдээлэв.  “Http://shanghaiist.com” гэдэг сайтад мэдээлснээр, Жэки Чан эртний Хятадын Тан улс (618-907 он)-ын алдарт ерөнхий сайд Фанг Шунлинь хэмээгчийн үр хойчис байж болохыг харуулсан архивын баримт олджээ. Иймд, Жэки Чан ядуу ард гаралтай бус, харин эртний сурвалжит хятад язгууртны үр сад болж таарав. Энэ баримт олдохын өмнөхөн буюу 2013 оны эхээр Жэки Чан төрд зүтгэсэн өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалах мэт, Хятадын засгийн газарт зөвлөхийн албан тушаал хаших болжээ.

Харин, Жэки Чан өнөөгийн нэр алдар, амжилтанд хүрэхэд түүний язгууртан угсаатай эсэх нь огтоос чухал биш байсан юм. Хонг Конгийн ядуу гэр бүлд өсөж торнисон хүү өөрийн хүч хөдөлмөрөөр л алдарт Холливууд хүртэл хөл тавьж чадсан билээ. Одоо түүнд дэлхий даяар дуурсах нэр алдар, эд баялаг бүгд бий.

Гэвч, Жэки Чан амьдрал дээр тун энгийн хүн ажээ. Жэки Чан нэгэн удаа Монголд айлчлах үеэр монголчууд дэлхийн алдартай од гэхэд тэрээр олигтой бугуйн цаг ч зүүгээгүй байгааг ажиглажээ. Харин Жэки Чан гар утас нь цагтай учраас дахин нэг цаг зүүх хэрэггүй хэмээн хэлсэн байдаг. Тэр бол үргэлж ашиг орлого харж явдаг хүн биш. Тэр дэлхийн ядуу буурай олон орон, түүний дотор Монголд хүүхдүүдэд зориулсан олон тооны буяны үйл ажиллагаа зохион байгуулж байв.

Бидний хүндэлж, биширч явдаг энэ хүн ямар угсаа гаралтай нь бидэнд тийм ч чухал биш болов уу. Харин, нэр алдрын оргилд хүрсэн хэрнээ эгэл даруу амьдарч, дэлхийн ядарч зовсон хүмүүст чадлын хэрээр тус дэм болж яваа нь л бидэнд хэрэгтэй үлгэр жишээ юм. Хэрэв тэр өөрийгөө монгол хэмээн хэлсэн бол монгол хувцас бэлгэнд авахдаа талархалаа илэрхийлсэн хэрэг. Ингэхдээ бяцхан хошигноод авахаа мэдэх хүн дээ.

No comments:

Post a Comment