Friday, May 2, 2014

Жүжигчин Ц.Алдармаа: Оюунтуул "Би нэг хүнтэй алалцах гээд байна” гэсэн байсан

“Шинэ үе” продакшны жүжигчид хоорондоо муудалцаж бие биенээ түлсэн гэх мэдээлэл гарч олныг цочроосон. Харин энэ талаар жүжигчин Алдармаагаас тодруулахаар хэвтэж байгаа эмнэлэг дээр нь очсон юм. Түүний бие муу дотор гадар халуунтай хэвтэж чадахгүй байдалтай байсан бөгөөд цээж, ар нуруу, хүзүү нь түлэгдэж боолт хийлгэсэн байсан юм.
-Та хоёрын дунд яг юу болсон юм бэ?

-Нэгэнт ийм зүйл болсон болохоор би хүнтэй дахин маргалдаж янз бүр болмооргүй байна. Би зүгээр л яг үнэнийг нь хэлье. Ер нь бол энэ асуудлыг хуулийн байгууллага шийдэх ёстой. Гэхдээ намайг дуугүй байгаад байхаар хүмүүс маш их муухайгаар, буруу ойлгож байна. “Олгой хагаравч тогоондоо” гэдэг. Хоёр хүмүүсийн хувийн асуудал болохоор би дуугүй байсан. Гэтэл одоо арай л дэндэж байх шиг байна.

Эрдэнэтэд манай арван жилийн ГОК-д ажилладаг найз охин байдаг юм. Тэр орой Оюунтуул бид гурав ярьж сууцгаасан. Оюунтуул бас танихгүй биш сайн таньдаг хүн. Гурвуулаа юм яриад сууж байгаад Оюунтуул гараад ирье гээд явсан. Хажуу өрөөнд орж хүнтэй яриад гарсан юм шиг байгаа юм. Тэр үед Туулаас “Хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад нь “Би нэг хүнтэй алалцах гээд байна” гэсэн байсан. Оюунтуулыг гарч явахад манай бүжгийн охин орж ирсэн. Буцаад Оюунтуулыг орж ирэхэд нөгөө охид зөрж гарч таарсан. Тэд яг хажуу талын өрөөнд байсан л даа. Өрөөндөө ороод сууж ч амжаагүй байхад л миний хашгирах дуу гарсан гэсэн.

Тэр үед бид хоёр жаахан маргалдах шинжтэй болонгуут манай найз эмэгтэй миний амыг дараад аваад гарах гэж оролдсон юм. Гэтэл яг тэр үед миний хойноос хүн чимхээд авах шиг л болоод доошоо ус асгараад явчихсан. Уг нь Оюунтуул өөрөө эхэлж ийм хүний санаанд оромгүй зүйл хийчихээд өөр рүү нь ус цацсан мэтээр ярьж, намайг ингэж буруугаар ойлгуулж байгаад үнэхээр гайхаж байна. Ийм муухай зүйл хийчихээд орон даяар шуугиан дэгдээж байгаад үнэхээр ичиж байна. Тэнд гэрч гээд хүмүүс байгаа. “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэдэг. Оюунтуул надруу эхэлж ус цацаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Би хүнтэй маргалдан уу л гэхээс зүгээр байсан хүн рүү халуун ус хийх хүн биш. Энэ бол хүний санаанд багтмааргүй маш муухай зүйл.

Олон нийтэд ингэж ойлгуулж болох ч өөрийн дотны найз нөхөд, гэр бүлийхэндээ би эхлээд цацсан юмаа гэдгээ хэлэхгүй байна гэдэг их сонин.

-Ер нь юунаас болж маргалдсан юм бэ? Таныг жүжигчин Ундармааг өмөөрч маргалдсан гэх мэт мэдээллүүд гарч байсан?
 
-Тийм зүйл байхгүй. Энийг Оюунтуул ч мэдэж байгаа.

-Таныг “Шинэ үе” продакшнаас хөөгдсөн гэж байсан энэ үнэн үү?

-Ерөөсөө тийм зүйл байхгүй. Бооёо ах бид хоёрын хэнийхэн ч талд орохгүй байгаа. Бид хоёрыг эдгэрээд гарсаны дараа мэдээж хамтлагаараа хуралдаад бид хоёрт авах хариуцлагаа авах байх.

-Үүний хажуугаар Алдармаа Бооёотой дотно харьцаатай. Тийм болохоор Алдармаа удаа дараа Оюунтуулыг гэмтээж байхад зүгээр өнгөрөөсөн гэх шуум байгаа?

-Би зүгээр байж байгаад хүн балбаад байдаг тийм муухай хүн биш. Намайг мэдэх хүмүүс мэднэ. Би хувь хүний хувьд их зөөлөн. Урьд нь Оюунтуулыг гэмтээж байсан зүйл ерөөсөө байхгүй. Намайг Бооёо ах, Аси ах, Ганбаа гээд холбодоггүй хүн байдаггүй. Би энийг сонссоор байгаад бүр дөжирчихсөн. Би нөхөр хүүхэдтэй айлын эхнэр хүн.

1 comment:

  1. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж өөрөө хэлээд л байна хэн хэнд нь байгаа л байх

    ReplyDelete